Thursday, December 3, 2015

Таны зүрх өвддөг үү?


Зүрхний өвдөлт нас насныханд ямар онцлогтой байх талаар Та бүхэнд өнөөдрийн мэдээлэлээ хүргэе.

Зүрх цээжний хэнхэрцэгт байрладаг. Та бидний мэддэгчлэн цээжний хэнхэрцэгийг өвчүү, цээжний булчин, захын мэдрэлийн төгсгөл, арьс бүрдүүлж байдаг. Харин цээжний хэнхэрцэг дотор зүрхтэй ойр байрлах эрхтэн нь улаан хоолой, гол судас, зүрхний үнхэлцэг юм. Энэхүү зүрхтэй ойр байрлах эрхтэн, цээжний хэнхэрцэгийн талаар танилцуулж  буй гол учир нь эдгээр эрхтэн, арьс, булчингийн өвдөлт нь зүрхний өвдөлттэй андуурагддаг, эсвэл зүрхний жинхэнэ өвдөлтийг сарниулдагт оршино.

Зүрхний жинхэнэ өвдөлтөө эрт таньж, илрүүлэх нь маш чухал.
Яагаад?

Зүрхний шигдээс, зүрхний ишеми өвчин нь цээжээр өвдөх шинж тэмдгээр илэрдэг. Мөн яаралтай тусламж шаардсан ноцтой өвчнүүдийн эхний шинж нь цээж орчмоор өвдөх зовиур байдаг. Ийм учраас цээж орчмоор өвдөх зовиурын тухай мэдлэгтэй байх нь таны ойр дотны хэн нэгнийг аюулаас сэргийлэх боломж олгоно.

Цээжний өвдөлтийн шалтгаан нас насныханд, мөн хүйсээс хамааран ялгаатай.

Нэгт, зүрхний өвдөлтийн шалтгаан нь хүйсээс хамаардаг. 40 хүртэлх насны эрэгтэйчүүд, 50 хүртэлх насны эмэгтэйчүүдэд (цэвэршилт эхлээгүй бол) цээжээр өвдөх шалтгаан нь голдуу мэдрэл булчингийн шалтгаантай байдаг. Энэ насныхан голлон “Гэнэт зүрх рүү хүчтэй хатгасан” хэмээх зовиуртайгаар эмчид ханддаг. Цээж нэлэнхүйдээ хүнд оргиж, цээжин дээр хүнд зүйл тавьсан мэт биш, тодорхой нэг цэгт хатгаж өвдөх энэхүү зовиур нь цээж хэнхэрцэгийн булчин, захын мэдрэлийн өвдөлттэй холбоотой. Мөн зарим өглөө босоход зүүн гар бадайрч, хүнд оргиж, даагдахгүй болдог, зүүн гарын чигчий хуруу руу дамжиж өвддөг, энэхүү өвдөлтийг зүрх өвдлөө хэмээн боддог.
Зүүн гар, хурууны мэдрэлийн зургийг харна уу.
 Зүүн гарын ядам, чигчийн хурууг тохойны мэдрэл мэдрэлжүүлж, эрхий, долоовор, дунд хурууг шууны мэдрэл мэдрэлжүүлдэг ба мэдрэлийн ширхэг удаан хугацаанд дарагдсанаар, эсвэл нурууны диск дарагдсан хүнд энэхүү зовиур илэрдэг.  Удаан хугацаанд дарж суух болон хэвтэхэд, мөн суудлын ажилтай, эсвэл дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүст элбэг. Энгийн хэллэгээр “хуян хөөрдөг” хүмүүст энэ зовиур их илэрнэ. Хуян хөөрөх зовиураас салах хамгийн энгийн арга нь биеийн тамираар хичээллэх юм. Усанд сэлэх үед мөр, далны хөдөлгөөн сайжирч хуян богино хугацаанд арилдаг. “Хуян хөөрөх” нь хөдөлгөөн багатай  амьдралын хэв маягаас үүдэлтэй хөшингө гэж ойлгох хэрэгтэй.
Гэвч архи хэтрүүлэн хэрэглэдэг, тамхи татдаг, эсвэл жингийн илүүдэлттэй хэт таргалалттай 40 хүртэлх насны эрэгтэйчүүдэд цээжээр хүнд оргиж, хүнд зүйлээр цээжин дээр дарсан мэт зовиурлах, ар нуруу руу, зүүн дал руу өвдөх зовиур илэрч байгаа бол яаралтай зүрхний эмчид үзүүлж зөвөлгөө авах хэрэгтэй.

Тавиас дээш насны эмэгтэйчүүд (цэвэршилтийн дараах), дөчөөс дээш насны эрэгтэйчүүдэд   зүрхний өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг. Энэ насныханд өвчүүний ард хүнд оргиж дарах мэт болох, эрүү шүд, хоолой, ар нуруу дал, зүүн мөр лүү өвдөх шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Зүрхний өвдөлт голдуу биеийн ачаалаллын үед үүсдэг. Гүйх, алхах, хүйтэн агаар сөрж алхах, шатаар өгсөх үед цээж хүнд оргиж, дарах, нухах, базах мэт өвдөх нь ачааллын үед зүрхний цусан хангамж дутагдаж буйг илтгэх шинж болдог.
Мөн өглөө үүрээр, эсвэл тайван байхад эмэгтэйчүүдэд голчлон цээжин дээр дарах мэт зовиур илэрдэг. Үүний зүрхний титэм судасны агшилт хэлбэрийн эмгэг гэх ба голдуу эмэгтэйчүүд өвчлөх боловч эрчүүдэд мөн тохиолдох боломжтойг санах хэрэгтэй.


Дараагийн постоор Зүрхний шигдээс өвчний тухай мэдээлэл оруулна. 

Баярлалаа.