Thursday, December 3, 2015

Таны зүрх өвддөг үү?


Зүрхний өвдөлт нас насныханд ямар онцлогтой байх талаар Та бүхэнд өнөөдрийн мэдээлэлээ хүргэе.

Зүрх цээжний хэнхэрцэгт байрладаг. Та бидний мэддэгчлэн цээжний хэнхэрцэгийг өвчүү, цээжний булчин, захын мэдрэлийн төгсгөл, арьс бүрдүүлж байдаг. Харин цээжний хэнхэрцэг дотор зүрхтэй ойр байрлах эрхтэн нь улаан хоолой, гол судас, зүрхний үнхэлцэг юм. Энэхүү зүрхтэй ойр байрлах эрхтэн, цээжний хэнхэрцэгийн талаар танилцуулж  буй гол учир нь эдгээр эрхтэн, арьс, булчингийн өвдөлт нь зүрхний өвдөлттэй андуурагддаг, эсвэл зүрхний жинхэнэ өвдөлтийг сарниулдагт оршино.

Зүрхний жинхэнэ өвдөлтөө эрт таньж, илрүүлэх нь маш чухал.
Яагаад?

Зүрхний шигдээс, зүрхний ишеми өвчин нь цээжээр өвдөх шинж тэмдгээр илэрдэг. Мөн яаралтай тусламж шаардсан ноцтой өвчнүүдийн эхний шинж нь цээж орчмоор өвдөх зовиур байдаг. Ийм учраас цээж орчмоор өвдөх зовиурын тухай мэдлэгтэй байх нь таны ойр дотны хэн нэгнийг аюулаас сэргийлэх боломж олгоно.

Цээжний өвдөлтийн шалтгаан нас насныханд, мөн хүйсээс хамааран ялгаатай.

Нэгт, зүрхний өвдөлтийн шалтгаан нь хүйсээс хамаардаг. 40 хүртэлх насны эрэгтэйчүүд, 50 хүртэлх насны эмэгтэйчүүдэд (цэвэршилт эхлээгүй бол) цээжээр өвдөх шалтгаан нь голдуу мэдрэл булчингийн шалтгаантай байдаг. Энэ насныхан голлон “Гэнэт зүрх рүү хүчтэй хатгасан” хэмээх зовиуртайгаар эмчид ханддаг. Цээж нэлэнхүйдээ хүнд оргиж, цээжин дээр хүнд зүйл тавьсан мэт биш, тодорхой нэг цэгт хатгаж өвдөх энэхүү зовиур нь цээж хэнхэрцэгийн булчин, захын мэдрэлийн өвдөлттэй холбоотой. Мөн зарим өглөө босоход зүүн гар бадайрч, хүнд оргиж, даагдахгүй болдог, зүүн гарын чигчий хуруу руу дамжиж өвддөг, энэхүү өвдөлтийг зүрх өвдлөө хэмээн боддог.
Зүүн гар, хурууны мэдрэлийн зургийг харна уу.
 Зүүн гарын ядам, чигчийн хурууг тохойны мэдрэл мэдрэлжүүлж, эрхий, долоовор, дунд хурууг шууны мэдрэл мэдрэлжүүлдэг ба мэдрэлийн ширхэг удаан хугацаанд дарагдсанаар, эсвэл нурууны диск дарагдсан хүнд энэхүү зовиур илэрдэг.  Удаан хугацаанд дарж суух болон хэвтэхэд, мөн суудлын ажилтай, эсвэл дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүст элбэг. Энгийн хэллэгээр “хуян хөөрдөг” хүмүүст энэ зовиур их илэрнэ. Хуян хөөрөх зовиураас салах хамгийн энгийн арга нь биеийн тамираар хичээллэх юм. Усанд сэлэх үед мөр, далны хөдөлгөөн сайжирч хуян богино хугацаанд арилдаг. “Хуян хөөрөх” нь хөдөлгөөн багатай  амьдралын хэв маягаас үүдэлтэй хөшингө гэж ойлгох хэрэгтэй.
Гэвч архи хэтрүүлэн хэрэглэдэг, тамхи татдаг, эсвэл жингийн илүүдэлттэй хэт таргалалттай 40 хүртэлх насны эрэгтэйчүүдэд цээжээр хүнд оргиж, хүнд зүйлээр цээжин дээр дарсан мэт зовиурлах, ар нуруу руу, зүүн дал руу өвдөх зовиур илэрч байгаа бол яаралтай зүрхний эмчид үзүүлж зөвөлгөө авах хэрэгтэй.

Тавиас дээш насны эмэгтэйчүүд (цэвэршилтийн дараах), дөчөөс дээш насны эрэгтэйчүүдэд   зүрхний өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг. Энэ насныханд өвчүүний ард хүнд оргиж дарах мэт болох, эрүү шүд, хоолой, ар нуруу дал, зүүн мөр лүү өвдөх шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Зүрхний өвдөлт голдуу биеийн ачаалаллын үед үүсдэг. Гүйх, алхах, хүйтэн агаар сөрж алхах, шатаар өгсөх үед цээж хүнд оргиж, дарах, нухах, базах мэт өвдөх нь ачааллын үед зүрхний цусан хангамж дутагдаж буйг илтгэх шинж болдог.
Мөн өглөө үүрээр, эсвэл тайван байхад эмэгтэйчүүдэд голчлон цээжин дээр дарах мэт зовиур илэрдэг. Үүний зүрхний титэм судасны агшилт хэлбэрийн эмгэг гэх ба голдуу эмэгтэйчүүд өвчлөх боловч эрчүүдэд мөн тохиолдох боломжтойг санах хэрэгтэй.


Дараагийн постоор Зүрхний шигдээс өвчний тухай мэдээлэл оруулна. 

Баярлалаа.  

Thursday, November 19, 2015

Зүрхний өвчнүүд ба согтууруулах ундааны хэрэглээ

Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхэд элэгний эмгэг, зүрхний дутагдал, хавдраар өвчлөх эрсдэл ихэсч, мэдрэл хямарч, санаандгүй осол гэмтэлд өртөх эрсдэл нэмэгддэг. Харин архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэж чадвал эрүүл мэнд, тэр тусмаа зүрхний титэм судасны эмгэгээс сэргийлэх  ашигтай нөлөө үзүүлдэг болохыг судалгаанууд нотолсон билээ. Архи, согтууруулах ундааг ямар хэмжээтэй хэрэглэхэд зүрхэнд ашигтай нөлөөтэй болохыг туршсан судалгааны үр дүнг танилцуулья.
Архи, согтууруулах ундааны хэрэглээг дүгнэхдээ стандарт уулт хэмээх нэршил ашигладаг. Стандартын уултын хэмжээ нь улс орон тус бүрт ялгаатай. Стандарт уултыг голдуу Европ, Америк хүмүүст тодорхойлсон байдаг. Харин Ази хүний бие махбодийн онцлог, элэгний спирт задлах ферментийн идэвхи Европ, Америк хүнийхээс бага байдгийг санахад илүүдэхгүй.


Архи, согтууруулах ундаа багаар хэрэглэдэг хүн огт хэрэглэдэггүй эсвэл хэтрүүлэн хэрэглэдэг хүнтэй харьцуулахад зүрхний титэм судасны эмгэг үүсэх эрсэл 40-70%иар бага байгааг судалгаагаар нэгэнт тогтоосон.
Дэлхий нийтэд хийгдсэн 34 (1 сая гаруй оролцогчтой) судалгааны үр дүнг танилцуулья. Өдөрт 1 стандарт уултаар архи, согтууруулах ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүдэд огт хэрэглэдэггүй эмэгтэйчүүдээс,  өдөрт 1 ба 2 стандарт уултаар архи, согтууруулах ундаа хэрэглэдэг эрчүүдэд огт хэрэглэдэггүй эрчүүдээс 18 хувиар бага зүрх судасны шалтгаант нас баралт тохиолдсон байна. Энгийн үгээр хэлбэл архи, согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэх нь зүрх судасны шалтгаант нас баралтаас сэргийлдэг. Эмэгтэйчүүдэд өдөрт 2 стандарт уултаас илүү, эрчүүдэд 3 стандарт уултаас илүүгээр архи, согтууруулах ундаа хэрэглэхэд зүрх судасны шалтгаант нас баралтыг ихэсгэж, цаашлаад өдөрт 6 ба түүнээс их стандарт уулт, эсвэл бидний хэлж заншсанаар тасартлаа архи уух нь зүрх гэнэт зогсох өндөр эрсдэлд хүнийг оруулдаг байна.
Эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээний талаар хийсэн судалгаанд архи хэтрүүлэн хэрэглэхэд хөхний хорт хавдар, элэгний хатуурал үүсэх эрсдэл мөн ихсэж байгааг баталсан.

АНУ-д эрчүүдэд архи, согтууруулах ундааны хэрэглээ зүрхний өвчний үүсэлтэнд хэрхэн нөлөөлж байгааг судалсан дүнгээс харахад өдөрт 1 стандарт уултаар хэрэглэдэг эрчүүдэд зүрхний өвчин үүсэх эрсдэл буурч байгааг тогтоосон. Харин өдөрт 2 стандарт уулт ба  хэтрүүлэн хэрэглэх, эсвэл тасартлаа ууж хэрэглэхэд зүрхний шалтгаант нас баралт огцом нэмэгдэж байсан.
Зүрхний шигдээстэй өвчтөнд хийгдсэн судалгаа нь тасартлаа архи, согтууруулах ундаа хэрэглэдэг эрэгтэйчүүдэд зүрхний шалтгаант нас баралтын тохиолдол архи, согтууруулах ундаа бага хэрэглэдэг эрчүүдээс 2 дахин өндөр байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундаа тасартлаа уух нь эрүүл мэндэд маш ноцтой үр дагавар үүсгэдэг болохыг нотолсон.
Архи, согтууруулах ундаа тасартлаа (өдөрт 5-аас их стандарт уултаар хэрэглэх, эсвэл шартах) хэрэглэдэг оролцогчдод амь насанд аюултай зүрхний шигдээс үүсэх эрсдэл тохируулан хэрэглэдэг оролцогчтой харьцуулахад 1.45 дахин илүү байсан.  
Дунд насныханд (45-64 нас) өдөрт 1 стандарт уултаар архи, согтууруулах ундаа хэрэглэхэд зүрх судасны шалтгаант нас баралт 40 хувиар буурч байгаа нь ажиглагдсан.
Мөн архи, согтууруулах ундааны хэрэглээ цусны даралт ихсэлттэй холбоотой нь олон судалгаагаар батлагдсан. Архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад цусны систолын даралт (бидний хэлж заншсанаар дээд даралт) 3.3 мм МУБ, диастолын даралт (доод даралт) 2.0 мм МУБ-аар буурч байгааг тогтоосон. Гэвч нөгөө талаас, архи согтууруулах ундааг багаар хэрэглэхэд цусны даралт ихсэх нөлөөтэй ч зүрхний хамгаалах үйл сайжирдаг.

Архи, согтууруулах ундаа удаан хугацааны турш ихээр хэрэглэхэд зүрхний архаг дутагдал үүсдэг. Цаашлаад тасартлаа уух нь зүрхний хэм алдагдал үүсэхэд нөлөөлдөг. Гэвч багаар буюу 1 стандарт уултаар архи, согтууруулах ундаа хэрэглэхэд зүрхний хэм алдагдал үүсэхэд нөлөөлдөггүй.

Архи, согтууруулах ундааны төрөл
Франц парадокс- энэ улсын хүн ам өөх тосны агууламж ихтэй хоол хүнс хэрэглэдэг, тамхи ихээр татдаг хэдий ч зүрх судасны шалтгаант нас баралт бага байдаг нь улаан виноны хэрэглээтэй холбоотой хэмээн тайлбарладаг. Улаан винонд агуулагдах фенол, флавинойд нь судсанд бүлэн үүсэхээс сэргийлдэг.
Архи, согтууруулах ундаа төрлөөсөө хамааран зүрх хамгаалах нөлөө нь ялгаатай. Зүрх хамгаалах нөлөө хамгийн сайн нь вино юм.  Пиво виноны зүрх хамгаалах нөлөөг харьцуулан судласан судалгааны дүнд дурдахдаа виноны зүрх хамгаалах нөлөө пивоныхоос өндөр байгааг баталсан. 
Гэвч, архи, согтууруулах ундааны төрөл бус нэг удаа хэрэглэж буй хэмжээ нь зүрхний өвчний сэргийлэлтэнд онцгой ач холбогдолтой билээ.
Архи, согтууруулах ундааны ач тус- 1 стандарт уултаар архи согтууруулах ундаа хэрэглэхэд цусны сайн холестерин нэмэгдэж, цусны бүлэгнэлтийн гол хүчин зүйл фибриноген буурах г.м олон эерэг нөлөө гардаг.
Өөр судалгаагаар вино хэрэглэхэд цусны өтгөрөлт 10 хувиар буурдаг хэмээн тогтоожээ.
Харин 1 стандарт уултаас илүүгээр архи, согтууруулах ундаа хэрэглэгчдэд дээрх эерэг үр дүн илэрдэггүй. Оросуудын  архи, согтууруулах ундааны хэрэглээг Баруун Европууд, Америкуудын хэрэглээтэй харьцуулан судлахад Оросуудад хэрэглээ их, мөн цусны сайн холестерины агууламж өндөр хирнээ зүрхний өвчлөл өндөр, нас баралт их байгаа нь тогтоогдсон.
Архи, согтууруулах ундааны талаар танд хүргэх зөвөлгөө
Тохирох хэмжээгээр буюу 1 стандарт уултаар архи, согтууруулах ундаа хэрэглэх нь Зүрх судасны өвчлөл, зүрхний шалтгаант нас баралтаас сэргийлэх сайн талтай. Гэвч, өнөөгийн Монголын насанд хүрсэн хүн амын дунд элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал,  ходоод гэдэсний үрэвсэл ихтэй тул эдгээр хүчин зүйлийг харгалзан үзэж архи, согтууруулах ундаа хэрэглэх нь зүйтэй.
Мөн, наснаас хамааран архи, согтууруулах ундааны хэрэглээг хянах нь зүйтэй. Жишээ нь, залуу бүсгүйчүүдэд зүрхний өвчнөөр өвчлөх магадлал бага хирнээ архи, согтууруулах ундаа хэрэглэснээр хөхний хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг.
Америкийн Зүрхний холбооны гаргасан зөвлөмжинд өдөрт 1 стандарт уултаар архи согтууруулах ундаа хэрэглэх нь Зүрх судасны өвчнийг бууруулдаг нь тогтоогдсон ч хувь хүний дасан зохицох байдал, архи тэсвэрлэх чадвар зэргийг тусгайлан судалж нотлох боломжгүйг анхаарна уу хэмээн зөвлөсөн байна.

Архи, согтууруулах ундаа хэрэглэхдээ хоолтой цуг буюу өдөр буюу оройн хоолон дээрээ 1 стандартаар хэрэглэснээр зүрх судасны өвчнөөс сэргийлэх боломжтой.

Архи, согтууруулах ундаа Танд тохирох уу? 
·      Огт архи хэрэглэдэггүй хүн дунд болон ахимаг насандаа архи хэрэглэж эхэлснээр зүрхний өвчлөлөөс сэргийлж байгааг нотлосон судалгаа байхгүй байна.
·      Ахимаг насныханд ялангуяа эрэгтэйчүүдэд зүрхний өвчин үүсэх магадлалтай хүмүүст (цусны даралт ихсэлттэй, цусны холестерин өндөр, тамхи татдаг, чихрийн шижинтэй) 1 стандарт уултаар архи, согтууруулах ундаа хэрэглэх нь зүрх судасны өвчнөөс сэргийлэх боломж олгоно.
·      Залуучууд, дундаж насныханд тэр тусмаа эмэгтэйчүүдэд нас баралтын шалтгаан нь хөхний хорт хавдар болон осол гэмтэл юм. Тийм учраас тохирох хэмжээгээр архи, согтууруулах ундаа зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулахад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй тул архи, согтууруулах ундааг 1 стандарт уултаас бага хэмжээгээр уух нь аюулгүй.
Архинаас татгалзах шалтгаан — дараах хүмүүс архи, согтууруулах ундаанаас татгалзах нь зөв
·      Насанд хүрээгүй бол
·      Жирэмсэн бол
·      Таны гэр бүлд архинд донтсон хүн бий бол
·      Элэг болон нойр булчирхайн эмгэгтэй бол
·      Хоол боловсруулах замын архаг эмгэг, ходоодны шархлаа г.м
·      Машин механизмтай ажилладаг хүмүүс

Энэхүү мэдээллийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж, Америкийн Зүрхний Холбоо, Европын Зүрхний холбооны зөвлөмжинд тулгуурлан бичсэн ба Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

Monday, November 16, 2015

Зүрхний хэм алдагдал

Хүний зүрх дөрвөн хөндийгөөс тогтоно. Дээд талд нь байрлах хоёр хөндийг тосгуур, доод талд нь байрлах хоёр хөндийг ховдол хэмээн нэрлэнэ. Зүрхний хэмийг үүсгэж байдаг синусын зангилаа нь баруун тосгуурын дээд хэсэгт байрлаж, тодорхой давтамжтайгаар цахилгаан сэрэл үүсгэж байдаг. Энэхүү цахилгаан сэрэл нь зүрхээр тархахад бидэнд зүрх цохилох мэдрэмж төрдөг.

Синусын зангилаанд үүссэн цахилгаан сэрэл нь тосгуурын булчинд тархан, тосгуурын булчинг нэлэнхүйд нь сэрээхэд тосгуурын булчин агшиж тосгуур дахь цусыг ховдол руу шахдаг.
Тосгуурын булчинг сэрээсэн цахилгаан сэрэл нь тосгуур ховдол хооронд орших АВ зангилаанд цугладаг. Энэхүү АВ зангилаа нь тосгуураас ховдолд сэрэл дамжуулах цорын ганц зам юм. АВ зангилаа нь өөртөө цугласан цахилгаан сэрлийг түр тогтоогоод цааш ховдол руу сэрлийг дамжуулаг. АВ зангилаа цахилгаан сэрлийг түр тогтооход тосгуурт агуулагдах бүх цус ховдол руу юүлэгддэг. АВ  зангилаа цахилгаан сэрлийг ховдол руу дамжуулснаар ховдлын булчин сэрж, агшин цусыг уушгины артери болон бүх биеэр тараадаг.
Хэрвээ зүрх эрүүл бол энэхүү сэрэл дамжих, зүрхний булчин агших үйл явц ямарч саадгүйгээр явагдаж, зүрх минутанд 60-аас 100 удаа цохилдог.

Хэм алдагдал
Хэм алдагдал зүрхний аль хэсэгт үүссэж байгаагаас хамааран тосгуурын болон ховдлын хэм алдагдал хэмээн ангилдаг.
Мөн зүрхний цохилтын тооноос хамааран зүрхний хэм олширсон (тахикарди), зүрхний хэм цөөрсөн (брадикарди) хэмээх ангилал ашигладаг.
Зүрхний хэм олшрох буюу тахикарди гэдэг нь тайван үед зүрхний цохилт минутанд 100-аас илүү цохихыг хэлнэ.
Зүрхний хэм цөөрөх буюу брадикарди гэдэг нь тайван үед зүрхний цохилт минутанд 60-аас бага цохихыг хэлнэ.
Гэвч, зүрхний цохилтын тоо цөөрөх болон ихсэх нь бүгд зүрхний хэм алдагдлын шалтгаантай бус. Дасгал хөдөлгөөн хийх үед биеийн эд, эсийг хүчилтөрөгчөөр сайн хангахын тулд зүрхний ажил ихэсч минутанд 100-аас олон цохилдог. Харин хүн унтаж байхад эсвэл тайван байхад зүрхний цохилт бага байх нь хэвийн юм.

Олон хүчин зүйлийн улмаас зүрхний хэм алдагдал үүсдэг.  Эдгээр нь
·      Артерийн даралт ихсэлт
·      Чихрийн шижин
·      Бамбайн булчирхайн хордлого
·      Бамбайн булчирхайн үйл ажиллагаа буурах
·      Тамхи татах
·      Архи болон каффеин хэт их хэрэглээ
·      Эмэнд донтох
·      Стресс
·      Зарим эмийн хэрэглээ
·      Зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх
·      Тогонд цохиулах
·      Агаарын бохирдол
·      Таргалалт
·      Зүрхний титэм судасны эмгэг
·      Зүрхний булчингийн эмгэг  


Зүрхний хэм алдагдал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс бий. Үүнд
  • ·     Зүрхний титэм судасны эмгэг, зүрхний эмгэгүүд, өмнө нь зүрхний мэс засалд орсны дараагаар зүрхний хэм алдагдал үүсэх эрсдэл ихэсдэг.
  • ·    Артерийн даралт өндөр байх нь нэг талаас титэм судасны нарийсал үүсгэх бол нөгөө талаас зүүн ховдлын бүтцийн өөрчлөлт үүсгэж, зүүн ховдлын ханыг зузааруулснаар цахилгаан сэрэл дамжихад саад учруулна.
  • ·       Зүрхний төрөлхийн гажиг нь зүрхний хэм алдагдал үүсгэх боломжтой.
  • ·       Бамбай булчирхайн эмгэг. Бамбай булчирхайн дааварт зүрх мэдрэг ба даавар ихсэх болон буурахад зүрхний хэм алдагдана.
  • ·       Эм, нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ зүрхний хэм алдуулдаг.
  • ·   Чихрийн шижинтэй өвчтөнд артерийн даралт ихэсч, титэм судасны эмгэг үүссэнээр зүрхний хэм алдагдал үүсэх нөхцөл болдог.
  • ·  Унтах үеийн бөглөрөлтөт амьсгал тасалдалт. Голдуу биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст унтах үед гэнэт амьсгал тасалдах шинж илэрдэг. Амьсгал тасалддаг хүмүүст зүрхний хэм цөөрөх, тосгуурын жирвэгнээ болон бусад хэм алдагдал үүсэх эрсдэл өндөр.
  • ·     Цусны эрдэсийн тэнцвэр алдагдах. Бидний цусанд эрдэс хэмээн нэрлэгддэг кали, натри, кальци, магни агуулагддаг. Эдгээр эрдэс нь зүрхний цахилгаан сэрэл үүсэлт, дамжилтанд нөлөөлснөөр зүрхний хэмийг алдуулдаг.
  • ·      Архи хэтрүүлэн хэрэглэх. Архины хэт их хэрэглээ нь зүрхний цахилгаан сэрэл үүсэлт, сэрэл дамжилтанд нөлөөлж тосгуурын жирвэгнээ үүсгэдэг.
  • ·      Каффеин, никотин нь зүрхний хэмийг олшруулж, цаашлаад зүрхний хэмийг алдуулдаг.  Сэтгэц нөлөөт эмүүд болох кокаин, амфитамин нь зүрхэнд нөлөөлж янз бүрийн хэм алдагдал үүсгээд зогсохгүй гэнэт зүрх зогсох эрсдэлд хүргэдэг.