Хүний зүрх дөрвөн хөндийгөөс тогтоно. Дээд талд нь байрлах
хоёр хөндийг тосгуур, доод талд нь байрлах хоёр хөндийг ховдол хэмээн нэрлэнэ.
Зүрхний хэмийг үүсгэж байдаг синусын зангилаа нь баруун тосгуурын дээд хэсэгт
байрлаж, тодорхой давтамжтайгаар цахилгаан сэрэл үүсгэж байдаг. Энэхүү
цахилгаан сэрэл нь зүрхээр тархахад бидэнд зүрх цохилох мэдрэмж төрдөг.
Синусын зангилаанд үүссэн цахилгаан сэрэл нь тосгуурын
булчинд тархан, тосгуурын булчинг нэлэнхүйд нь сэрээхэд тосгуурын булчин агшиж
тосгуур дахь цусыг ховдол руу шахдаг.
Тосгуурын булчинг сэрээсэн цахилгаан сэрэл нь тосгуур ховдол
хооронд орших АВ зангилаанд цугладаг. Энэхүү АВ зангилаа нь тосгуураас ховдолд
сэрэл дамжуулах цорын ганц зам юм. АВ зангилаа нь өөртөө цугласан цахилгаан
сэрлийг түр тогтоогоод цааш ховдол руу сэрлийг дамжуулаг. АВ зангилаа цахилгаан
сэрлийг түр тогтооход тосгуурт агуулагдах бүх цус ховдол руу юүлэгддэг. АВ зангилаа цахилгаан сэрлийг ховдол руу
дамжуулснаар ховдлын булчин сэрж, агшин цусыг уушгины артери болон бүх биеэр
тараадаг.
Хэрвээ зүрх эрүүл бол энэхүү сэрэл дамжих, зүрхний булчин
агших үйл явц ямарч саадгүйгээр явагдаж, зүрх минутанд 60-аас 100 удаа
цохилдог.
Хэм алдагдал
Хэм алдагдал зүрхний аль хэсэгт үүссэж байгаагаас хамааран
тосгуурын болон ховдлын хэм алдагдал хэмээн ангилдаг.
Мөн зүрхний цохилтын тооноос хамааран зүрхний хэм олширсон
(тахикарди), зүрхний хэм цөөрсөн (брадикарди) хэмээх ангилал ашигладаг.
Зүрхний хэм олшрох буюу тахикарди гэдэг нь тайван үед зүрхний
цохилт минутанд 100-аас илүү цохихыг хэлнэ.
Зүрхний хэм цөөрөх буюу брадикарди гэдэг нь тайван үед
зүрхний цохилт минутанд 60-аас бага цохихыг хэлнэ.
Гэвч, зүрхний цохилтын тоо цөөрөх болон ихсэх нь бүгд зүрхний
хэм алдагдлын шалтгаантай бус. Дасгал хөдөлгөөн хийх үед биеийн эд, эсийг
хүчилтөрөгчөөр сайн хангахын тулд зүрхний ажил ихэсч минутанд 100-аас олон
цохилдог. Харин хүн унтаж байхад эсвэл тайван байхад зүрхний цохилт бага байх
нь хэвийн юм.
Олон хүчин зүйлийн улмаас зүрхний хэм алдагдал үүсдэг. Эдгээр нь
·
Артерийн даралт ихсэлт
·
Чихрийн шижин
·
Бамбайн булчирхайн хордлого
·
Бамбайн булчирхайн үйл ажиллагаа буурах
·
Тамхи татах
·
Архи болон каффеин хэт их хэрэглээ
·
Эмэнд донтох
·
Стресс
·
Зарим эмийн хэрэглээ
·
Зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн
нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх
·
Тогонд цохиулах
·
Агаарын бохирдол
·
Таргалалт
·
Зүрхний титэм судасны эмгэг
·
Зүрхний булчингийн эмгэг
Зүрхний хэм алдагдал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс бий. Үүнд
- · Зүрхний титэм судасны эмгэг, зүрхний эмгэгүүд, өмнө нь зүрхний мэс засалд орсны дараагаар зүрхний хэм алдагдал үүсэх эрсдэл ихэсдэг.
- · Артерийн даралт өндөр байх нь нэг талаас титэм судасны нарийсал үүсгэх бол нөгөө талаас зүүн ховдлын бүтцийн өөрчлөлт үүсгэж, зүүн ховдлын ханыг зузааруулснаар цахилгаан сэрэл дамжихад саад учруулна.
- · Зүрхний төрөлхийн гажиг нь зүрхний хэм алдагдал үүсгэх боломжтой.
- · Бамбай булчирхайн эмгэг. Бамбай булчирхайн дааварт зүрх мэдрэг ба даавар ихсэх болон буурахад зүрхний хэм алдагдана.
- · Эм, нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ зүрхний хэм алдуулдаг.
- · Чихрийн шижинтэй өвчтөнд артерийн даралт ихэсч, титэм судасны эмгэг үүссэнээр зүрхний хэм алдагдал үүсэх нөхцөл болдог.
- · Унтах үеийн бөглөрөлтөт амьсгал тасалдалт. Голдуу биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст унтах үед гэнэт амьсгал тасалдах шинж илэрдэг. Амьсгал тасалддаг хүмүүст зүрхний хэм цөөрөх, тосгуурын жирвэгнээ болон бусад хэм алдагдал үүсэх эрсдэл өндөр.
- · Цусны эрдэсийн тэнцвэр алдагдах. Бидний цусанд эрдэс хэмээн нэрлэгддэг кали, натри, кальци, магни агуулагддаг. Эдгээр эрдэс нь зүрхний цахилгаан сэрэл үүсэлт, дамжилтанд нөлөөлснөөр зүрхний хэмийг алдуулдаг.
- · Архи хэтрүүлэн хэрэглэх. Архины хэт их хэрэглээ нь зүрхний цахилгаан сэрэл үүсэлт, сэрэл дамжилтанд нөлөөлж тосгуурын жирвэгнээ үүсгэдэг.
- · Каффеин, никотин нь зүрхний хэмийг олшруулж, цаашлаад зүрхний хэмийг алдуулдаг. Сэтгэц нөлөөт эмүүд болох кокаин, амфитамин нь зүрхэнд нөлөөлж янз бүрийн хэм алдагдал үүсгээд зогсохгүй гэнэт зүрх зогсох эрсдэлд хүргэдэг.
No comments:
Post a Comment